Wednesday, July 31, 2013

Үхлээ гээд яах билээ, үлдлээ гээд яах билээ.

Амьдрал үргэлжид нэгэн хэвийн байдаггүй нь нэгэн хэвийн үзэгдэл юм шиг. Аль ч цагт зөвхөн өөрийгөө л гээхгүй байж чадвал аз жаргалтай биш гэж үү? Хэний ч өмнө өөрийнхөөрөө.

Өөрийнхөөрөө гэдэг чинь юусан билээ, өөрийгөө би хэнтэй жиших билээ.

Тэнгэртэй би жишэж зүрхэлбэл, удалгүй асгарах гэж бүй борооны үүл байхсан. Солонготой би өөрийгөө зүйрлэх аваас гэрлээр нэвт хатгуулсан дусал байхсан.

Тайвшрал гэж юусан билээ.

Tамхины утаатай уруулыг хэлэх үү? Эсвэл татаад хаягдсан иш нь өөрөө юу? Эрчлэн татах нумыг хэлэх уу, хүнгэнэтэл нисэх сумыг нь хэлэх үү? Тархины түр үхэл юм болов уу?

Бодол санаа, сэтгэл зүрх, бие цогцос ямагт 3 тийшээ тэмүүлэх нь ямар учиртайсан билээ

Миний уйтгар гуниг, ганцаардал минь орчлон дээр хэнээс, юунаас ч илүү ханьтай мэт санагдах зарим мөчүүд...

Инээхийн төдийд хувьсах олон зүйлс дундаас, миний л гэсэн ганцхан зүйл гуниг л юм шиг санагдах юм. Ямарч биш царай минь миний царай мэт. Ямар ч биш хүмүүс л миний нөхөд мэт. Найрсаг боловч найзууд биш, хайртай боловч хайрлахгүй хүмүүс. Мэдэх боловч мэдрэгдэхгүй мэдрэмжүүдээс хамгийн дотно нь л гуниг минь... Инээд хэдий тааламжтай ч гуниг шиг түшигтэй биш юм. Хэзээд үнэнч энэ мэдрэмж л миний дотоод сэтгэлийн үнэн юм шиг. Ганцаардаж байхдаа л би өөрөөрөө байх шиг. Энэ үед л алдагдсан бүх сэтгэл минь сэргэж байх шиг. Санаа алдаад барамгүй олон дурсамжинд гуниг бид 2 л дотно юм шиг.