Saturday, March 23, 2013

Хайраас сурахуй,

Хоёр хүн хамт байхын үндэс юу вэ? Хайр. Хэрвээ хайр мөн гэж үзвэл аливаа асуудалдаа хайрыг урьтал болгох хэрэгтэй. Хайранд уучлал, хүндлэл, харилцан буулт, харилцан татах хүч, харилцан ойлголцол гэх мэт олон зүйл л багтах байх. Хэрвээ хайртай залуу чинь гомдоовол хайртай учираас уучлах хэрэгтэй, хэрвээ хайртай хүнээ гомдоовол хайртай учираас буулт хийх хэрэгтэй, хэрвээ хайртай хүнтэйгээ маргавал хайртай гэдгээ санах хэрэгтэй....

Хэзээд өөрийнхөөрөө шийдэх вэ?

Хэн хэнийгээ маш сайн мэддэг болж ямар нөхцөлд ямар хариу үйлдэл хийх вэ гэдгийг нь мэддэг болсон цагтаа л өөрийнхөөрөө бай... Энэ учир дутагдалтай ч гэсэн энэнээс өөр арга байхгүй шүүдээ.

Хүмүүс бие биенийгээ ойлгоогүйгээс болоод л маргалддаг, маргалдаад эхэлсэн л бол нэг мөсөн сайн ярилцдаг байх хэрэгтэй. За би ингэж, чи ингэж, энэ нь зөв байж гэх мэтчилэн. Алдаан дээрээсээ суралцнаа гэсэн үг.

Бас зарим зангаа засах хэрэгтэй. Хааяа нэг үл ойлголцол үүсгэдэг зан байдал, ааш араншингаа бодож үзээд яах талаар бодох хэрэгтэй. Үүний тулд хүнийг өөрчлөхөөсөө илүү өөрийгөө өөрчлөх гээд үз. Яагаад өөрийгөө өөрчлөнө гэж? Хэрвээ чи түүнд хайртай бол энэ асуултын хариу юм. Тэгэхдээ хүн хэлэхээс нааш гэдэг үг байдаг учираас, мөн эрчүүд ихэвчлэн анзааргагүй, мэдрэмжгүй (хөлдүү) байдаг учраас өөрийх нь төлөө юу хийж байгаа вэ гэдгээ ямагт ухамсаргүй болон ухамсарт нь ойлгуулах хэрэгтэй болно.

Хайр бол тохиролцоо юм. Хариу нэхээгүй хайр гэдэг ойлголт зарим талаараа учир дутагдалтай. Хүн юуны тулд бусдыг хайрладаг гэж? Бусдаар хайрлуулахын тулд биш гэж үү? Тиймээс хайр ярих бол хайрлах гэдгээс илүүтэйгээр хайрлалцах гэдгийг бодох хэрэгтэй. Энэ нь өөрийнхөө хайртай хүнийг битгий гомдоо, өөрийг чинь хайрласан хүнийг битгий гомдоо гэсэн үг юм. Энэ бол зөвхөн хосуудын дунд л яригдаж байгаа үед утга төгөлдөр болох ойлголт юм л даа.

Хүн хүний хайрлах нь өөр байдаг. Тиймээс бие биенийхээ хайрлах арга хэлбэрийг нь ойлгож хүндэтгэхийг хичээ. Хайрлаж буй хэлбэр, муудалцаж буй шалтгаан, бухимдаж буй асуудал гээд аливаа зүйлд шалтгаан үр дагаварын зарчмаар хандах хэрэгтэй. Хосуудын дунд үүсдэг маргаануудаас дурьдaхад ихэвчлэн өссөн орчны ялгаа, ахуйн зөрчил, тогтсон хандлага, ертөнцийг үзэх үзлийн зөрчилдөөнөөс болдог. Хүн болж төлөвшсөн, насанд хүрсэн хүмүүсийн ихэнхихэд нь өөрийн гэсэн үзэл бодол, тогтсон хандлага ертөнцийг үзэх үзэл буюу гадаад ертөнцийг харах загвар бий болсон байдаг. Бас бие организмийн хувьд ч мөн адил өөрийн гэсэн таатай болон таагүй нөхцлийг хүлээж авах онцлогтой болсон байдаг. Энэ бүх зүйл зөрчилдөх үе тохиолддог. Тэр үед нь хэн хэн нь өөрсдийн онцлогийг хэлж ойлгуулах эрхтэй бөгөөд харин хэн ухаантай нь үүнтэй зохицох болдог. Албадаж, хүчлэх, өөрийгөө зовоох шаардлага гарч байвал энэ тухай ярилцах хэрэгтэй.

Асуудалд хандах хандлага. Энэ бол бас нэг чухал хүчин зүйл. Зарим хүмүүсийн хувьд энгийн асуудал маш хүчтэй эерэг сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг үүсгэдэг, энэ тохиолдолд зөрчилдөж байвал үл ойлголцол үүсч байвал тухайн тохиолдлийг аль болох сайн санаж бие биенийгээ тийм нөхцөл байдалд оруулахгүй байхыг хичээж байх нь зөв болдог (хэрэв сөрөг сэтгэлийн хөдөлгөөн үүсгэдэг нөхцөлд, хүчин зүйл нь ялихгүй байгаа тохиолдолд шүүдээ).

Энэ бүх зүйл төгс төгөлдөр сургааль номлон биш учираас дагаж мөрдөх албагүйч харилцаагаа хэвээр авч үлдэж хамтдаа аз жаргалтай байхыг хүсдэг хосуудад хэрэг болох зөвлөгөө гэж бодож бичиж үзлээ.